telmwns
3 min readJan 16, 2021

--

Би хэн ч биш ?

Quaranta Reads with myself

Энэ хөл хорионы үе, миний хувьд номон дундах цоо шинэ аялал байлаа. Аль нэг талаар би зөвхөн сонирхдог жанрын номоо бариад авах боломж байсан хэдий ч тэгсэнгүй. Удаан хугацаанд уншихаар төлөвлөөд байсан номоо ч сөхсөнгүй. Ахлах сургуулийн сүүлийн жил зуны амралтаас ч урт тасалдахыг хэн мэдлээ. Магадгүй энэ азгүй ч гэмээр, азтай ч гэмээр хором олдоогүйсэн бол “өөрийгөө олох”-н тухай бодох ч сөхөөгүй байх байсан биз ээ.

Бусдын үнэлэмжээр хэн гэдгээ бид багагүй л мэддэг байх. Харин өөрөө өөрийгөө өөрөөсөө үнэлж хэн гэдгээ байнга анзаарч байдаг гэвэл юу л бол доо. Хачин ч гэмээр энэ асуултын хариултыг дараах “би” төвт номнуудаас хайснаа ийн өгүүлье, би.

  1. Энэ бол Германы утга зүйч, хувь хүний мөн чанарын илэрхийллийг хайх эрмэлзлээр дүүрэн тэр чиглэлээрээ Нобелийн шагнал хүртсэн self-spiritualist зохиолч Херманн Хэссэ-ийн Сиддхарта зохиол. Өнөө алдарт Сиддхарта Гаутума Буддагийн тухай биш л дээ.
  2. Эгэл жирийн Энэтхэг ёс заншлаас энэ насны зорилго болох дотоод мөн чанар буюу “Атман”-г олох хүсэлтэй Сиддхарта гэх залуу эцгийнхээ үгнээс зөрж, хатуу дэглэмт аскет болохоор одож буйгаар зохиол эхэлнэ. Нэгэн хэвийн уйтгартай, шашны номлолын тухай өгүүлэх гэж буй боловч энэ бол залуу хүн хэрхэн амьдрах хэрэгтэйг адал явдал, адармаанаар илэрхийлсэн гайхалтай зохиол. Энэ зохиол уншигчдадаа залуу хүн бүхэнд гэрээсээ холдож зөвхөн өөрийн “би” хэн бэ гэдгээ олоход цаг зарцуулах, зогсошгүй хүчээр хэнээс ч эмээлгүй зүтгэж, гэр бүлээсээ холдон биеэ дааж, амьдралд бууж өгөлгүй тэмцэхийн утга учрын тухай сургамжилна.
  3. #Гэрээсээхолд #Хорвоотойтанилц #Өөрийгөөолжнээ

2. Дараагийн зохиол нь Тагтаа хэвлэлийн компаниас орчуулан гаргасан зохиолч Итало Кальвиногийн “Үл үзэгдэх хотууд”. Би энэ номыг бараг 3 удаа уншсан байх аа. Итало зохиолчийн хувьд сурриализм, модернизмыг төгс хоршуулдгаараа гайхалтай нэгэн. Энэ зохиол Марко Поло, Хубилай Хаан, монголчуудын түүхийг дурдадгаараа онцлог биш. Энэ зохиолыг чи дотор нь өөрөө ороод задлаад, төсөөллийн тэр л хотуудад аялан, аяллаасаа суралцан эцэст нь өөрийгөө таних боломжтой. Хот ба нөгчигсөд гэх бүлэг миний хамгийн очих дуртай хот, би тэнд гуравдахаа очоод ирэхдээ хүнтэй яагаад тийм их маргаан үүсгэдгээ их тунгаасан даа хөөрхий. Энэ мэтчилэн уйтгартай карентинаас зайлж, 55 өөр хотоор зочлоорой нэгэнд нь таны ихэр байж байх ч юм билүү хэн мэдлээ.

#Үлүзэгдэххотоораял #Өөрийгөөнээ

3. Энэ зохиолыг би бодон бодон байж уншиж билээ. Насанд хүрэгчдийн ойлгомжгүй зан байдал, амьдралын эрээнтэй бараантайг чимэг үггүй шууд буулгаснаараа энэ зохиол ойлгоход хүнд бөгөөд өсвөр насныханд зөвлөж хэрэггүй санагдсан. Энэ бол Алхимич зохиолоороо олонд танигдсан Пауло Коелогийн “11 минут” нэртэй роман. Гол агуулга нь эмэгтэй хүн хэрхэн өөрийн үнэ цэнтэй байдлаа ойлгож “би” гээ олж буй тухай тул туйлын нандин зохиол л лоо. Зохиолын гол дүр Мариа нэртэй биеэ үнэлэгч. Тэр Швейцарт очсоноор бүх л зүйл эхэлж, эмэгтэй хүний бардам байдал ямар үед гээгдэж, хэрхэн тууштай байдал унтардаг тухай, сэтгэлийн гал бөхсөн ч хэрхэн эргэж сэргэдэг тухай ямар ч хачиргүй шууд л өгүүлнэ.

Нарийн деталийг энд бичихэд тохиромжгүй санагдлаа. Гэхдээ үнэн боловч хатуу гэдэг шиг эмэгтэй хүний туулдаг амьдралаас эр хүн ямар байх ёстойг, эмэгтэй хүн ямар байх ёстойг зохиол тултал хэлнэ. Энэ зохиолыг би ялангуяа надтай ижил үеийн охид, залуучууд маань л уншиж бага ч гэсэн эмэгтэй хүний тэсвэрийн тухай ойлгож авах үүднээс уншихийг л зөвлөе. Тэрнээс доош насныханд арай ахдана гэж бодогдлоо.

За тэгээд “би”-н тухайх бяцхан номын аяллыг минь энэ хүртэл уншсанд баярлалаа. Зүгээр л өөрийгөө чин үнэнээсээ танихыг эрмэлзэгчид эдгээр номыг уншихыг хүсье!

/Жич: Уншихаар эрс шулуудсан бол ядаж эх хэл дээр нь биш юмаа гэхэд ядаж Англи орчуулгаар нь уншаарай. Нэгд, харьцуулж уншсаны хувьд хэлэхэд манайхны орчуулга сул байсны дээр хоёрт, аливаа зохиол эх хэл дээрээ л зохиолчийн хэлэх гэсэн санаа сая нэг биелэлээ олдог ажгуу!/

-telmwns

--

--

telmwns

Personal blog about anomalies ...сэтгэгдэл