Шаналлын тухай хэмнэл

telmwns
6 min readMar 5, 2022

94 дэх удаагийн “Academy Awards”-н номинациуд зарлагдсантай холбогдуулан нэгэн гайхалтай уран бүтээлчийн туурвисан бүтээлүүдийн талаар бодож явдаг сэтгэгдэл, мэдрэмжээ хуваалцахаар шийдлээ.

Jonny Greenwood

Английн Radiohead рок хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Jonny Greenwood-г төсөөлөхдөө яг л түүний туурвисан “film score” буюу киноны ая шигээ сэтгэл хөдлөлтэй, юмсыг харах өнцөг нь хэний ч тусгалаар булингартаагүй нэгэн үү дээ гэж толгойд бууна. Ямар ч киноны аяыг нь сонсоход тэрэнтэй, энэнтэй төстэй юм уу даа гэх зүйл үл ялиг ч бүү анзаарагдана. Хэзээ ч сонсож байгаагүй, мэдэрч авч амжаагүй хэмнэл, маш тогтворгүй үелзлүүдийн ниргээн гэхчилэн үгээ барж, амаа барьмаар түүний зохиомжууд үнэхээр балмад бөгөөд ид шидийн.

Нэг бодлын маш хурц иртэй хутга шиг, анзаарах сөхөө өгөлгүй зүрх зүсмээр мэдрэмжийн суварга босгочхоод тэндээ амьдардаг нэгэн үү гэлтэй.

Сонсоод эхэлмэгц шовх уулын эгц орой дээрээс уначихгүй юмсан гээд арай ядан тэнцвэрээ олох гээд зогсож байгаа мэт түгшүүртэй, айдастай мэдрэмжийг төрүүлнэ.

Гэхдээ би мэдрэмжүүддээ хайртай, дахин дахин мэдрэхийг хүснэ, бүр байж ядна, галзууртлаа сонсоно.

Дийлэнх айзам эгшгийг нь анзаарахнээ, хэт гунигтай, сандралтай гэмээр дүр зураг ажиглах хэдий ч эдгээрийгээ туйлын тансаг, үзэсгэлэнтэй бөгөөд этгээд өнгө аяс руу аажмаар хувиргаж буй үзэгдэл нь түүний тодорхойлолт. Дотоод мөн чанарыг, тэр хүний надаас нуудаг, эсвэл “олон” бусдад харуулахаас зайлсхийсэн “би”-г илэрхийлж чаддаг, тэр дундаа бүр энгийн хэлэхээс ч илүүг хуваалцаж, ойлгуулж чаддаг авьяас нь Jonny Greenwood-г ямар “этгээд,” “балмад,” “сонин,” “өвөрмөц” тэгээд ая зохиогчдын дундах “сод” хүмүүн гэдгийг гэрчилнэ.

Тэр бол “otherworldly being.”

Өөрийн зовлон шаналал, эсвэл өрөөлөөс анзаарсан нарийн мэдрэмж, давхцал, нугалаасыг хэрхэн тансаг, хэврэгхэн гэхдээ хүрч боломгүй илэрхийллээр буулгадаг нь зүгээр л цэвэр гайхамшиг. Нэг үзүүрээс нь бариад авъя гэх гогцоо түүнд алга, нэг л мэдэрсэн бол бүхлээр нь дуустал нь залгихаас өөр аргагүй. Одоо бодохнээ, хөгжим нь “obscurus”-тай нилээн төстэй юм шиг, тодорхойлолтгүй, хүлэх боломжгүй, тааварлашгүй, маш хүчтэй бас гунигтай.

Harry Potter and the Goblet of Fire (2005), dir. Mike Newell, Do the Hippogriff (2005)
Do the Hippogriff (2005), 1:00–1:43 (хамгийн гоё хэсэг)

Түүний туурвисан олон сайхан бүтээлүүд байдгаас хамгийн эхэнд “Harry Potter and the Goblet of Fire”-с эхэлье гэж бодлоо. Үзэгчид хэр анзаарснийг мэдэхгүй ч цэнгүүн доор тоглодог хамтлагийн гишүүд дунд Jonny байж байдаг. Бусад гишүүд болон уран бүтээлчдийн хамтаар тэрээр “Magic Works,” ба “Do the Hippogriff” дуунуудыг зохиосон байдаг. “Do the Hippogriff”-н хувьд ялангуяа маш сонирхолтой гэж бодмоор ая шийдлүүд олон, тухайн үед анх үзэж байх мөчид яагаад ийм зовсон хирнээ хүчтэй баяр баясгалантай аялгуугаар илбэ шидийг илэрхийлэв гэж гайхаж билээ. Одоо ч сонсоход ер бусын, энэ ангийг аягүйгээр нь төсөөлөмгүй.

Paul Thomas Anderson, Jonny Greenwood
House of Woodcock (2018)

Дараагийнх нь лав Spotify дээр, хамгийн их хандалттай уран бүтээл нь. 2017 онд нээлтээ хийж байсан Paul Thomas Anderson найруулагчийн “Phantom Thread” киноны аяс бусад аястай нь харьцуулахад илүүтэйгээр намуухан, ялдам бөгөөд ихэмсэг мэт илэрхийлэмжүүдээр баялаг. “House of Woodcock,” “Alma” аясын хувьд үнэхээр зүрх хайлж урсам гэдэг шиг нандин, дурламаар. Маш харамсалтай, зүрх шимширмээр дүрслэлүүд нүдэнд тусна.

Хэзээ ч ханахгүй бас дийлэхгүй дурлалын симфони, ялдам ихэмсэг хосын үлгэр л харагдана.

Эдгээр аясгүйгээр тухайн киног мэдэрч, сэтгэл зүрхээ зориулан үзнэ гэдэг өрөөсгөл бөгөөд боломжгүй.

Phantom Thread (2017), dir. Paul Thomas Anderson
Alma (2018)

Jonny-н хувьд Paul Thomas Anderson найруулагчтай анх удаа ажиллаж буй явдал ерөөс биш, 2007 онд Daniel Day-Lewis 2 дах удаагаа “Шилдэг эрэгтэй гол дүр”-г хүртсэн уран бүтээл болох “There will be Blood” киноны хөгжим дээр мөн л ажилласан байдаг.

There Will Be Blood (2007), dir. Paul Thomas Anderson
De-tuned Quartet (2007), 1:39–2:14 (хамгийн гоё хэсэг)

Хэрцгий, шийдэмгий эрийн дууль, барагдашгүй омог, хязгааргүй хүсэл, тачаалыг улам илүү биежүүлэн, олны сэтгэлд мөрөө шигтгэхэд хамгийн том нөлөө үзүүлэгч бол Jonny-н ая. Та бүгд санаж байгаа бол их галын дүрэлзээн, сүүлийн хэсэг бол зүгээр л мэдрэмжүүлийн мөргөлдөөн, сүйрэл, шаналал, хилэгнэлийн оргил байдаг шүү дээ.

Licorice Pizza (2021), dir. Paul Thomas Anderson
Licorice Pizza (2021)

Энэ жилийн Оскар-т 3-н номинацид нэр дэвшээд буй бас л Paul Thomas Anderson найруулагчийн “Licorice Pizza” киноны ижил нэрт аяыг мөн тэрээр зохиосон бөгөөд яг л чихэр шиг нялуун мөртлөө, тайван, гунигтай байрын зүүд шиг ч юм шиг зэрэглээ ч юм шиг, хачин сонин мэдрэмжийг төрүүлнэ. Киноны үйл явдалтайгаа төгс сүлэлдсэн гэдэг тамтаггүй. Сэтгэл хоёрдуулсан мэдрэмж, зөөлөн зөөлөн хэлбэлзэх айзам эгшигтэй хослон яаж мэдрэхээ гадарлах аргагүй тэр нөхцлийг гайхалтай бүрдүүлжээ. Харин Jonny-н тэрхүү ая киноны зөвхөн эхлэл ба төгсгөлд цухасхан эгшиглээд өнгөрдөг нь үнэхээр харамсалтай, хэзээ дахиад гарах бол гээд их л харсан даа.

The Power of the Dog (2021), dir. Jane Campion
Miss Nancy Arrives (2021), 0:56–1:40 (хамгийн гоё хэсэг)

Түүнчлэн энэ жилийн хамгийн их номинацид нэр дэвшээд буй Jane Campion найруулагчийн “Power of the Dog” киноны бүтэн ая дээр Jonny ажилласан. Нийт 17 уран бүтээлээс бүрдэх албум нь түүнийг “Шилдэг киноны Хөгжим” ангилалд нэр дэвшүүлжээ. Нүдээ олжээ гэдэг шиг үнэхээр баяртай байгаа номинациудын минь нэг билээ. Эршүүд өнгө төрх, хурц ширүүн тал нутгын салхи, дарамт, дотоод тэмцэлдээн зэрэг Phil Burbank ба Peter гэхчилэн дүрийг тойрсон нөхцөл байдал, авцалдааныг маш тодоор, хүрц контрасттайгаар дэлгэн харуулдаг. Ид шидийн гэхээсээ урьдаар хөдөлмөр, тууштай байдлын үр дүнд бий болсон авир, хэтэрхий нэг талдаа баригдсан гэчихмээр дүрийн шинж төрх, бодол санааны цаад нарийн учиг, хамгийн гол нь нууцын тухай айдсыг маш чамбай бөгөөд нээлттэй дэлгэн харуулжээ. Юутай гайхалтай гэмээр гээч.

Prelude (2021), 1:00–1:40 (хамгийн гоё хэсэг)

Ингээд нөгөө талаас ажихнээ, Jonny яг л Vincent Van Gogh-той төстэй мэдрэмжтэй нэгэн шиг. Өнгө аяс, дотоод бодролын илэрхийллүүд маш төстэй темпраментүүд ажиглагдана. Мэдээж сэтгэл гутрал болон сэтгэл зүйн хувьд адилтган мэдэх аргагүй ч нэг хөшүүрэг байж л таарна. Jonny хувьд судлаад үзэхэд, red-green color blind буюу улаан, ногоон өнгөний харааны бэрхшээлтэй гэх баримтууд цөөнгүй байсан үүнтэй холбоотойгоор түүний нарийн мэдрэмжүүдэд тэр нь нөлөөлсөн эсэхийг үгүйсгэх аргагүй.

Spencer (2021), dir. Pablo Larraín
The Pearls (2021), 3:40–4:13 (хамгийн гоё хэсэг)

Хамгийн сүүлд, миний хувьд энэ жилийн Оскар-н хамгийн харамсалтай мэдээ байсан нэгэн уран бүтээлийн талаар ярилцъя. Энэ бол Pablo Larraín найруулагчийн “Spencer” киноны Jonny-н зохиосон хөгжим нэр дэвшээгүй явдал. “It’s a true tragedy.” Spencer киноны хувьд Kristen Stewart-н гайхалтай, гайхамшигтай, дуу алдаж, зүрх дэлсгэм, нандин жүжиглэлтийн галыг илүү бадрааж, үзэгчдийн сэтгэлээр наадаж байсан зүйл бол тэрхүү аяс. Өмнөөс нь байж ядмаар, зүрх шимшрэм, цээж хорсож, бачимдсандаа нулимс цийлэгнэн, гараад гүймээр, зугтмаар, орилмоор тэр л хэврэгхэн, үнэн мэдрэмжүүдийн цаана Jonny-н зүрх булгилуулсан, эрчтэй, хувьсамтгай, тогтворгүй яг л гол дүрийн сэтгэл зүй шиг аясууд хүч нэмэн төгс дүрсэлдэг. Үйл явдал бүрийн түгшүүр, сандралыг тэдгээр аясгүйгээр нэг ч хором төсөөлөшгүй.

Crucifix (2021), 1:18–2:00 (хамгийн гоё хэсэг)

“Spencer” буюу албум дах ижил нэртэй, кино эхлэхэд гардаг ая бол энэ ертөнцийнх биш, it’s otherworldly, it’s alienated, it’s horrifyingly magnificent.

Ancient And Modern,” “New Currency” зэрэг аясыг сонсоход л тухайн үе дэх бүх үйл явдлыг мэдрэх, эргэн сануулж чадах хүчийг өөртөө хуримтлуулсан асар хүчтэй цөмийн бөмбөг явж байна уу гэмээр. Нэг л алдвал тэсэрнэ, гэхдээ орчинг биш үзэгчдийн оюун бодролыг. Энэ албум бол юутай ч харьцуулашгүй амттаны дээд амттан. Нэр дэвшээгүй нь үнэхээр цочирдмоор байсан, үнэхээр бүр үнэхээрийн үнэхээр харамсалтай хэрэг.

Jonny Greenwood-н бүтэн, оригинал албумыг Spotify, YouTube, Apple Music, YouTube Music, Deezer дээрээс сонсож болно.

Би хувьдаа Spotify дээр бүтэн албумаар нь тавьчихаад, үе үе нүдээ анин сонсох дуртай, яагаад ч юм бэ энэ хүний ертөнцөд нэг нэвччихвэл гарах зам олддоггүй юм билээ, ер нь хайгаад ч яах вэ дээ.

--

--

telmwns

Personal blog about anomalies ...сэтгэгдэл