Олон нүүртэй “Christmas Carol”-н тухай

telmwns
10 min readDec 13, 2021
1843 first edition of Charles Dickens’ “A Christmas Carol”

Японд ч бай, Монголд ч бай ер нь дийлэнх улс орнуудад 11-р сарын сүүл, 12-р сараас эхлэн зул сарын “уур амьсгал” орж, соёл, шашин болон ямар нэгэн баригдах хэмжээ хязгааргүйгээр ихэвчлэн баяр хөөр гэдэг утгаар нь тэмдэглэх болжээ. Иймэрхүү соёлын даяарчлалаас үүдэн угтаа үндсэн баяр нь ч биш гэлээ бага багаар нэвчсээр тодорхой хэмжээний байр суурь үүсгэчихсэн улсын нэг жишээ бол Монгол улс гэхэд хилстэхгүй. Тухайн үеийн ЗХУ-с ч байна уу, хаанаас ч бай шинэ жилийн баярыг үлгэрлэж эхэлсэн бидний хувьд харин зул сарын баяр гээч зүйл анхандаа 12.31-нд л бялуу, оргилуун дарс болж хөөрцөглөж байсны хэрээр (яахав, одоо ч бий л дээ) “I am inevitable” гэдэг шиг зул сарын баярыг бүрэн бүтэн заншлаар нь биш юмаа гэхэд анх яаж хэвшүүлж авснаараа тэмдэглэх нь цаг хугацааны асуудал байв уу даа гэлтэй. Тэр нь ч буруу зүйл биш биз. Яг тэр жишгээр нь яваа нэг жишээ би л дээ. Зарим олны танил эрхмүүдийн хэлж байгаачлан ямар нэг шашныг өөгшүүлээд эсвэл уруу татаад байгаа зүйл огтоос биш. Харин магадгүй “Christmas is all about family” гэдэг хэлц ч юм уу эсвэл өөр үгс ортойгоос яагаад ч юм өөрийн мэдэлгүй татагдаад, юу ч юм бүү мэд увдислаг санагдаад байгаа учраас бидэнд ойр байгаад байна уу?

Pablo Picasso “Snow at Argenteuil” 1875

Үүний нэг яалт ч үгүй кино мөн. Шинэ жил, зул сарын баярт дуртай хүн бүр тэр “уур амьсгал”-г киногоор дамжуулж мэдрэх дуртай нь лав. Ялгаатай нь тэрхүү шинэ жилийн кинонууд инээдмийн, драмын, адал явдалтай бүр эсвэл аймшгийн мэдрэмжүүдийн алийг нь илүү өгдөг эсэх. Миний хувьд жил бүрийн зул сарын баяраар “Christmas Carol” киног заавал үздэг заншилтай. Яг “алийг” нь түлхүү үздэгээсээ урьдаар яагаад онцгой мэдрэмж төрүүлдэг тухай цухасхан хуваалцъя.

2008 оны нэгэн жавартай шөнө, бараг л Бэгзийн Явуухулан гуайн “…Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд цасан ширхэг царцаж мөс болох халилд” гэж нэгэнтээ бичсэн шиг тийм л жихүүдэстэй санагдсан өвлийн шөнө юмдаг, жаахан хүүхэд байсан болохоор ч тэр үү яг үнэндээ бүх зүйл хачин жигтэй саарал, харанхуй байсныг санадаг. Тухайн үед өнөөгийнх шиг streaming service-үүд болон Univision шиг зүйлс байсангүй л дээ, мэдэхийн Сансар ТВ л гэж байлаа. Хичээлээс бээрч орж ирчхээд зурагтаа асаатал 1983 оны “Mickey’s Christmas Carol” гарч байлаа. Tom Jerry, Chip n Dale болон Mickey’s Friends гэх мэт ихэвчлэн олон ангит хүүхэлдэйн цувралыг түлхүү үздэг байснаас биш, дээрх шиг бүрэн хэмжээний кино өмнө нь маш цөөхөн үздэг байв. Эхний хэсэг гараад л нэг л хачин гоё мэдрэмж! Огт зүс мэдэхгүй шинэ юм үзэж байна уу гэхээр үгүй, танил Mickey, Donald болон Goofey нарын төрх хэвээр. Charles Dickens-н энэхүү үлгэрийн гайхамшигтай, дуу алдан шагшрам зохиолд хамаг учир байлаа. Oliver Twist (1838), David Copperfield (1849), Great Expectations (1861) зэрэг зохиолуудаараа танил болсон энэ эрхмийн дэлгэцнээ амилсан анхны уран бүтээлийг үзэж байгаа нь тэр жаал, би. Хэзээ ч өмнө мэдэрч байгаагүй мөртлөө хэзээний танил мэт тэр халуун дотно мэдрэмж үнэхээр мартаж чадашгүй, бас дахин энэ чигээр нь мэдэрч чадахгүй гэнэн цагаан догдлол байлаа. Зул сарын баярын утга учир гэж товчхондоо юу юм, хүн чанар, амьдралын баяр баясал юу юм бэ гэдгийг маш энгийн бөгөөд сонирхолтойгоор тайлбарлана. Бүх л хүүхдүүд үзээсэй гэж найдахыг яана. Тэр нэгэн жихүүдэс дүүрэн үдэштэй, зохиолын уур амьсгал яг ижилхэн байсны сацуу дэлхийн өөр нэг хэсэгт ийм баяр болдог гэдэгт итгэж өгөхгүй гайхширна. Walt Disney-н зүгээс шигтгэж өгсөн төрөлх элементүүд зохиолын ёжлол, хошигнолтой нийлж байна гэж тоймгүй. Goofy-н тэнэгдүүхэн, элий төрх Jakob-тай эсрэгцэх мөртөө яг таарна. Scrooge McDuck нагац ахын дүр угаас Ebenezer Scrooge-с сэдэвлэсэн тул ярилтгүй гайхалтай. Бусад дүрүүд ч хачин сайхан чимэг нэмнэ. 26-хан минут боловч ер богинохон санагдалгүй час хийсэн гэдэг шиг зохиолын өрнөл, түүний хэмнэл таарсан гэж янзын. Ер нь “Christmas Carol” зохиолын анх үзсэн хувилбар байсанд нь маш их талархдаг, тийм л сайхан бүтээл!

Yak at Letdar on the Annapurna Circuit in the Annapurna mountain range of central Nepal

Ингээд маш олон тайз, дэлгэц болон радион хувилбарууд байдаг дундаас өөрийн үзэж явсан “Christmas Carol” multiverse-н хамгийн сайн, чанартай бөгөөд сайхнаас хамгийн муу, уйтгартай бараг failure гэж дүгнэдэг film adaptations буюу дэлгэцийн хувилбарууд хүртлээ дарааллуулан тайлбартай нь сонирхуулъя.

1. “A Christmas Carol (2009)” [★★★★★]

“A Christmas Carol” 2009

Хэд ч үзсэн уйдахгүй “a christmas classic” гэдэг үг хамгийн тохирсон кино бол Jim Carrey-н Ebenezer Scrooge дүрийг бүтээсэн 2009 оны “animated film” юм. Миний хувьд бол хувилбарууд дотроосоо хамгийн сайн болсон гэж бодогдохоос гадна бас хамгийн дуртай баярын кино минь. (2009 оноос авхуулан жил алгасалгүй 12-р сарын 24-нд үзсээр байна даа.) Гол дүрээс бусад дүрүүдийн хөгжүүлэлт ч чамалхааргүй сайн хийгдсэний сацуу зохиолын агуулга болон өрнөлийн хувьд бусад хувилбаруудаас хавь илүү сайн бичигдсэн юм шиг. Илүү харилцан яриа, уйтгартай сцен хоорондын шилжилт байхгүй гэхэд маргах хүн маш бага биз. Түүнчлэн үзэгчдийн анхаарлыг татаж адреналиныг тулгатал дээд цагт авчран энэхүү multiverse-д шинэчлэлт хийсэн зүйл нь “sfx” болон ерөнхий “animation” техникийг маш чадварлаг бөгөөд үр дүнтэй ашигласан явдал болов уу. Үүний тусламжтайгаар, баярын уур амьсгал байх хэрнээ Scrooge-н хүйтэн хөндий зан араншинд зохицсон жавартай үдшийн уур амьсгалыг яг л зохиол дээрээс уншихтай ижил мэдрэмжийг төрүүлж чадсан гэлтэй. Тухайлбал, ажлаасаа гараад гэр лүүгээ харьдаг хэсэг болон ирээдүйн Зул сарын хэсгийг үзэхэд яг л аймшгийн кино үзэж байгаа мэт. “Mood shift” дээр жинхэнэ тоглолт хийнэ. Түрүүний хүйтэн уур амьсгалаас дорхноо л жаргалтай, дулаан уур амьсгалтай болох жишээний, энэ бүгд маргаангүй “sfx”-н тус. Цаашилбал, хэдий animation ч тухайн дүрийн хувиралд тааруулан Jim Carrey үнэхээр гайхалтай дуу оруулсан. Харуусал, гашуудал болон баяр хөөр, Scrooge-н яхир болоод наргиантай зан бүгдийг Jim Carrey-н хоолойны өнгөгүйгээр төсөөлшгүй. Туслах дүрүүд болох Gary Oldman-н Jacob Marley, Bob Cratchit, Colin Firth-н Fred нар үнэхээр гайхалтай хийгдсэн. Жижиг дүрүүд мэт боловч киноны амин сүнс болсон тэд Scrooge-г дөвийлгөн гаргаж ирэхэд хамгийн чухал үүрэгтэй, ялангуяа Bob. Mrs. Dilber гэх дүр үнэхээр хөөрхөн бас хөгжилтэй, жижиг ажилбарууд ихтэй дүр санагдсан. Үргэлжлүүлэн ярих зүйл их байгаа ч үүн шиг хувилбар дахин хийгдэхгүй болов уу даа гэж бодно. Яахын аргагүй хамгийн сор болсон animated film” мөнөөсөө мөн.

2. “Scrooge/A Christmas Carol (1951)” [★★★★★]

“Scrooge/A Christmas Carol” (1951)

Миний хувьд хамгийн сайн болсон “live-action film” хувилбар. Бараг энэ киноноос 2009 оны хувилбар ихэнхи санаагаа авсан юм уу даа гэмээр адил төстэй, параллель хэсгүүд цөөнгүй. Яагаад 1951 оны хувилбарыг хамгийн сайн нь гэж тавьсан бэ гэхлээр 2009 оны хувилбар нь үүнтэй их төстэй юм болов уу гэж бодож байна. Би хэсэг зуур зогсоод энэ тухай бодлоо, магадгүй 1951 оны Jim Carrey-н Scrooge эндэх Alastair Sim-н дүрээс үлгэрлэсэн байх магадлал өндөр.

Эдгээр хоёр кино нь хоорондоо зэрэгцсэн хэсгүүд, бусад хувилбаруудал огт ажиглагдаагүй нарийн ширийн олон деталиуд ажиглагдана. Жишээ нь, Scrooge-н Marley-н хий үзэгдэлтэй ярилцах үед түүний байшингийн (яг үнэндээ түүний талийгаач хамтрагчийн үл хөдлөх хөрөнгө л дөө) гаднах бусад сүнснүүд. 2009 оны хувилбар өмнө нь хэлж байсанчлан үзэгчдийн айдсыг хөндсөн утгаараа илүү тод, томруун байсан бөгөөд тэд ижил төстэй зураглал ихтэй. Marley-н үхэл нэгэн дээр нь эхэнд нь, нөгөө дээр нь дунд хэсэгт нь байсан нь нэг ялгаа.

Гэхдээ нэг зүйл их хачирхалтай. Belle гэдэг дүр буюу Scrooge-н залуу насны хайрыг яагаад Alice хэмээн өөрчлөв өө? Хэсэг хугацаанд би түүнийг хэн бэ гэж эргэлзэж байсан ч Alice бол жинхэнэ зохиолын Belle байсныг удалгүй мэдсэн. Fan ба Ebenezer хоёрын харилцааг сэтгэл ханатал тайлбарласан нь их таалагдсан, учир нь Ebenezer өөрийн үеэл дүү буюу Fan-н хүү Fred-тэй хэрхэн харьцаж байсан нь эцэг нь Ebenezer-тэй адилхан хандсан шалтгааныг тусган харуулж байсан юм.

Өвгөн Жо, хатагтай Дилбер хоёрын дүр төрх дахин ижилхэн байсан, тэр ч байтугай дүрүүд нь ижил гарал үүслийн нотолгоо гэлтэй. Spirit of the Christmas Present-н нөмрөг дор байсан дүрүүд болох өнчин “Ignorance & Want” нар мөн л ижилхэн дүрслэгдсэн байв.

3. “Mickey’s Christmas Carol (1983)” [★★★★★]

“Mickey’s Christmas Carol” (1983)

Эхэнд дурдаж байсанчлан маш нандин дурсамж бүтээлцсэн, үнэхээр “хөөрхөн” гэдэг үг утгаараа зохихоор бүтээл. 2009 оны хувилбар ба энэ хоёрыг адилхан Walt Disney бүтээсэн гэхэд гайхах зүйлгүй биз. Tiny Tim-н дүрийг бүтээсэн бяцхан Mickey үнэхээр эгдүүтэй, дүрээ ч сайн гаргасан гэлтэй. Ep нь их онцгой сайхан animation дээ.

4. “A Christmas Carol (1938)” [★★★★☆]

“A Christmas Carol” (1938)

Энэ хувилбарын хувьд надад туслах дүрүүдийн хөгжүүлэлт хамгийн сайн хийгдсэн санагддаг. 1922, 1923 оны хувилбарууд гэх мэт тийм ч алдартай биш байсан өмнөх хувилбаруудын дараагаар “Christmas Carol” анхны бүрэн хэмжээний бүтээлүүдийн нэг. Edwin L. Marin-ы найруулга нь киноны үзэл баримтлалыг баяжуулж өгч чадсан өмнө нь бусад хувилбаруудаас хэзээ ч харж байгаагүй хэсгүүд нилээдгүй байв. Үүнд жишээлбэл: Bob Cratchit-н зовлон зүдгүүрийг харуулсан өргөн хүрээтэй өгүүлэмж, Jacob Marley-н сүнсийг барьж авах гэж буй офицерууд Scrooge-г шоолж буй зураглал, хэрэлдэж байсан хүмүүсийг зөөлөлж буй “spirit of the Christmas present,” Fred болон түүний сүйт бүсгүй Bass нарын тухай онцлох үйл явдал, тэдний тухай ерөнхий хэсгүүд. Мөн Bob-той хийх харилцан яриа, цаашлаад Scrooge-н хувьд эцсийн шийдвэр гаргаж буй болоод түүний үеэл дүүтэйгээ хамтран ажиллах гэрээ байгуулан Cratchit-н хөвгүүдтэй тоглох нь үнэхээр тааламжтай байсан. Ердөө ганцхан цаг дайны богино мөртлөө дэндүү сайн хийгдсэн санагдсан.

Нээлтээ хийгээд бараг зуун жил болжээ, яг л киноны эхэнд хэлдэг шиг! Зуун жилийн дараа ч гэсэн “Christmas Carol”-н баяр баясгалангийн мөн чанарыг хадгалсаар байгаа тул хүмүүсийн хайрыг татсаар байна. Төгсгөлд нь дуртай ишлэлээ оруулчихъя!

Spirit of Christmas present: …You don’t like Christmas!

Scrooge: But I do, I do like Christmas. I love Christmas!

5. “Barbie in a Christmas Carol” (2008) [★★ ★ ☆ ☆]

“Barbie in a Christmas Carol” (2008)

Энэ их сонирхолтой байдлаар үзэж байсан санадаг. Яагаад ч тухайн үед Barbie нарын computer-animated films их үзэлттэй байжээ. Barbie алдартай зохиолуудаас сэдэвлээд кинонуудаа гаргаж байсныг санаж байна. Тэдгээрийн нэг, тэгээд арай илүү амжилттай болсон болов уу гэсэн нь энэ юм уу даа. Scrooge-с авхуулан Fred хүртэлх бүх дүрүүд эмэгтэй болж, шинэ хандлагыг харуулсан нь өвөрмөц. Агуулгын хувьд сонирхолтой зүйл тийм ч их биш бөгөөд хааяа хэтэрхий удаан санагдах мөчүүд мэр сэр. Гол дүр Eden-г дагаад явдаг муур киноны чимэг ч юм шиг их хөгжилтэй санагдсан.

6. “Scrooge, or, Marley’s Ghost (1901)” [★★1/2☆☆]

“Scrooge, or, Marley’s Ghost” (1901)

6-хан минутын энэхүү хувилбар одоог хүртэлх хадгалагдсан хамгийн анхны, эртний хувилбар. Silent film буюу ямар нэгэн диалоггүй зөвхөн үйл хөдлөлөөр ямарвааг илэрхийлдэг хувилбар агаад creepy гэмээр дүрс хальт үзэгдэнэ. Маш энгийн, богинохон учраас зохиолын ерөнхий санааг харах төдий гэж хэлж болно. Эв хавгүй мэт боловч үзэхэд их сонирхолтой.

7. “Scrooge (1970)” [★★☆☆☆]

“Scrooge” (1970)

Миний цэвэр сонирхлоос шалтгаалаад маш уйтгартай, явцгүй, хиймэл санагдсангүй байж магадгүй ч ерөнхийд нь сул гэж дүгнэнэ ээ. Би музикалд дургүй л дээ гэсэн хэдий ч цэвэр агууламж талаас нь харсан ч нэгэн хэвд цутгачихсан юм шиг, хөшүүн санагдсан. Яахав “Christmas Carol”-г carol-гүйгээр төсөөлшгүй ч зүгээр л аз жаргалыг хоосноор дуудаад байвал лав үнэ цэнтэй санагдахгүй биз.

8. “A Christmas Carol (1984)” [★1/2☆☆☆]

“A Christmas Carol” (1984)

Уучлаарай, гэхдээ энэ хувилбар надад үнэхээр тухгүй, бас тааламжгүй, улиг болсон санагдана. Би энэ хувилбарыг одоог хүртэл үзсэн хувилбаруудын хамгийн муу хувилбар гэж хэлмээр байна.

Би 2009 оны хувилбарт байсан зарим нарийн ширийн зүйлийг энэ хувилбараас хараад гайхахын ялдамд яаж ашгүй минь 2009 оны хувилбар нь тэдгээр нарийн ширийн зүйлийг сайжруулсан юм бэ гэж туйлын талархсан. Spirit of the Christmas present-н хувьд үнэхээр муу байсан, бурхан минь өмнөөс нь санаа зовмоор, too cringe. Үзэгдэл болгон нь адилхан хуурам, үхмэл байсан бөгөөд аль хэдийн хүлээн үзэгчдийн үзэн ядалтыг төрүүлсэн байх эсвэл төрүүлэх байлгүй. Мөн Scrooge spirit of the Christmas past-г аварга бүрээ шиг зүйлээр доош нь дарж байх үеийн дүр зураг үнэхээр ичмээр, ядмаг байсан учраас би тэсгэлгүй маш чанга инээд алдаж, хэлээ тас хазах шахсан. Хэдий олон санаанууд гайхалтай байсан (энэ нь хожим 2009 оны хувилбарт батлагдсан) боловч үзэгчдэд хүргэлт, жүжиглэлт нь аймшигтай амьгүй, хөндий байсан гэдгийг би хэлэх хэрэгтэй.

Гагцхүү Scrooge аавтайгаа сургууль дээрээ ярьж байсан, өмнө үзэгдэж байгаагүй дүр зураг тийм ч муу биш байлаа.

Ноён George C. Scott гуай танд ингэж хэлсэндээ хүлцэл өчье. Гэхдээ таны бүтээсэн Scrooge-р ирээдүйн хүүхдүүд Ebenezer Scrooge гэх дүрийг төсөөлж яавч болохгүй, эс тэгвээс хэтэрхий харгис байх бус уу!

Энэ хүртэл “Christmas Carol” multiverse-н тухай уншсан танд талархлаа илэрхийлье! Ид шид, ухаарал болон хайр шингэсэн Charles Dickens зохиолчын уг анхны зохиолыг уншиж байгаагүй бол заавал уншихыг зөвлөе. Зохиолоос сэдэвлэсэн дээрх бүтээлүүдийг хэрвээ үзэж байгаагүй бол үзэхийг санал болгоё, ялангуяа 2009 оныхыг! Нөмөрчхөөр зүйл, халуун уух зүйл, тухтай суудал олж аваад 12-р сарын үлдэх үдшүүдээ “уур амьсгал”-р дүүрэн байлгаарай! Happy early Christmas and a New Year!

Мартсанаас удахгүй Bill Murray-н “Scrooged (1988),” Michael Caine-н “The Muppet Christmas Carol (1992),” Patrick Stewart-н “A Christmas Carol (1999)” нарыг нэмэх санаатай байна. Эдгээрийг болон дээрхүүдээс үзэж байсан бол сэтгэгдлээ хуваалцаарай!

Кинотой холбоотой илүү ихийг миний Letterboxd account-г дагаж аваарай!

Линк хаяг: https://letterboxd.com/telmwns/

--

--

telmwns

Personal blog about anomalies ...сэтгэгдэл