“Илүүг судлан Ихийг уншиж Ижлийг хайх” гурван “и”-н эрдмээр замнахуй

telmwns
8 min readJan 16, 2021
William Blake “Jerusalem” 1804

Энэхүү нийтлэлээрээ “ганцхан” зүйлийн эргэлзээ ч гэмээр юм уу, ташаа ойлголт ч гэх юм уу, англи хэлээр бол “controversy” болчихоод удаагүй байгаа шинэвтэр үнэлэмжийг аль болох “нэг тийш нь” болгохоор сэтгэл шулуудан бичив.

Яаж ч бодоод бүр эхнээс нь эргэцүүлж сараачихгүй бол хазаад орхисон алим шиг нэг л дутуу санагдангуй тул уншигч танд нуршуу санагдаж байвал хүлцэл өчих нь зүйтэй буюу.

Одоогоос 7 жил гаруйн өмнөх нэгэн тохиолоос ихээхэн улбаалж, би гэдэг хүн “бэлгэ тэмдэг” гэдэг зүйлээр хэнээтэй өвчилж орхисон юм. Товчхоноор төөнөн хэлэхэд, одоог хүртэлх хүмүүний оюун санааны ертөнц, хамтдаа бүтээлцэж ирсэн түүх, сэтгэлгээний “далд” гаргалгаа гээд цөм бэлгэ тэмдгийн гол судастай үндэс нэг.

Analogical symbol interpretation, Michaelangelo “Female Anatomy in Sistine Chapel” 1473–1481

“Semiotics/Semiology” буюу тэмдэгт илэрхийлэхүйн ухаанаас салаалан дан тэмдэг (sign) судлал, бэлгэ тэмдэг (symbol) судлал, үүнээсээ шашны бэлгэ тэмдэг судлал (religious symbology) гэхчилэн нарийвчилсан судлагдахуун ухаанууд үүсч, хорвоо ертөнцийг танин мэдэхүйн цоо шинэ өнцгөөс харж судлан гүнзгий түвшинд ойртсон үе “саяхан.” Гэсэн хэдий ч бусад салбар шинжлэх ухаантай харьцуулан авч үзвэл хангалттай түвшинд судлагдах нь байтугай бага ангийн хүүхдийн мэдлэгийн хэмжээнд ч хүрэх болов уу даа гэмээр, тун харамсалтай нөхцөлд буй салбар. Цагийн аясаар аливаа шинжлэх ухааны салбарууд илүүтэйгээр цахим түвшинд мэдээллийн сан үүсгэж, боловсруулах түвшиндээ илүү машинажин, технологижсон энэ цаг үед эртний судар,бичвэр, хуучны олдвор, артефакт дээр түлхүү түшиглэдэг бэлгэ тэмдэг судлалын салбар “маань” хэдий аль болох цахимжуулан хадгалах, нийтэд өвийн сангийн мэдээллийг хүртээх дээр анхаарах гэхчилэн дасан зохицох оролдлогуудыг тасралтгүй хийсээр байгаа боловч залуусын “сонирхол” гэж цохон тэмдэглээд буй, энэ салбар болон түүний ижлүүдийг шохоорхох сэдэл яг л эрс буурч буй шулуун мэт байгаа учраас ихэнхи хичээл зүтгэл бараг л ямар ч нөлөөгүй байгаа бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөд, энэ салбарт нэг насаа өргөхөөр шийдсэн надад тун хэцүү бөгөөд гунигтай байгааг энэ дашрамд нуух юун билээ.

Энэ мэтчилэн энэхүү салбарын хувь заяа болоод сонирхолтой ухагдахууны талаар дараа дараачийн нийтлэлүүддээ улам утгын хувьд гүнзгий шингээж, тооны хувьд олон өгүүлэн шинжилж тайлбарлах тул эргээд гол зам руугаа эргэх дохио өгье.

“Indiana Jones and the Raiders of the Lost Ark” 1981

7 жил гаруйн өмнө Харрисон Фордын дэлгэцнээ амьлуулсан “Индиана Жонес”-н дөрвөл (5 дах нь нээрээ 2022 онд хийх сурагтай байв уу даа), Брендан Фрейзерийн гол дүрд тоглосон “Мумми”-н гурвал буюу трилоги, Николас Кейжийн зүрх донсолгом “Үндэсний Баялаг”-н хоёр ангит кино (Бурхан минь Алтанхуяг билүү тэр найруулагчийн алиа амьдай кинотой эндүүрэв!) зэрэг 1980-аад оны төгсгөлөөс 2010-аад оны эхэн хүртэлх адал явдалт, уран зөгнөлт тэр дундаа түүхэн баримтаас санаа авсан, археологи, палеонтлоги (зарим үед антропологи) зэрэг салбаруудад дулдуйдсан кинонуудад мансуурч, тэр мэт кинонуудаар шууд бус байдлаар таних цар хүрээгээ аргамжин “ийм л гайхалтай зүйлээр сурч, амьдрахсан” гэж мөрөөсөн, бүр тухайн үедээ алмайрчихсан (энэ мэдрэмжийг илэрхийлэх илүү үг хараахан олсонгүй 😅), хараахан шүүмжлэлтэй хандаж сураагүй 6-р ангийн жаал хүүд гэрийн даалгавраа хийгээд хоолоо нэг идсэн болчихоод буйдан дээрээ сандайлан хэвтэнгээ зурагтын сувгаа доороос нь дээш нэг нэгээр нь сэлгэж байгаад санамсаргүйгээр яг тэр үед нь HBO суваг дээр дөнгөж эхэлж буй нэгэн кинон дээр таарсан нь түүний хувьд хуучин сэтгэмж нь тэр аяаараа эргэжээ. Яг тэр тохиолоор эхэлж буй үед нь яг санамсаргүй олж харах нөхцөл буюу “serendipity,” магадлалын хувьд хэр өчүүхэн бол? Яахав тохиогүй байсан ч гэлээ хэзээ нэгэн цагт олж нээлээ гэхэд тэр үед тийн таарсан нь эрт “ухаан орох”-д цаг үнэхээр хэмнэсэн нь үү гэвэл тийм шүү дээ.

“The Da Vinci Code” 2006

Тийм ээ, тэр тохиолын кино бол олноо сайлуулж мөн олноо нүд үзүүрлэгдээд буй Дан Браун зохиолчын 2003 онд хэвлэгдсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээж, Рон Ховард найруулагчийн найруулсан “Да Винчи Код” байлаа. Магадгүй та бүхний зарим нь энэ кино болон зохиолын талаар огт дуулж байгаагүй аль эсвэл киног нь үзээд таалагдсан эсвэл үзэн ядсан, бүр номыг нь уншчихаад кино уран бүтээл тал нь таалагдсан эсвэл эсрэгээрээ ч байсан байхыг үгүйсгэх аргагүй. “Хүн бүрийн харах өнцгөөс шалтгаалаад ямарваа нэг зүйлийг яаж ч харж, цэгнэж, тайлбарлаж болно” гэдэг тодорхойлолт даяарчлалын дараагаас улам л илүүтэйгээр хүлээн зөвшөөрөгдөх болжээ. Үүний учир нь ч сүүлийн үед релятивист үзэл этноцентрист үзлийг давамгайлах шинжтэй болсных болов уу. Гэсэн хэдий ч аливаа зүйлд тулгуур баримжаа гэдэг зүйл заавал оршдог мэт санагддаг тул дээрх тодорхойлолт надад “бүрэн үнэн” гэдгийг нотлохуйц хангалттай биш.

Хөөрхий минь эс чааваас, Дан Брауны энэ бүтээл: ном болон кино аль, аль талаасаа маш хурц шүүмжлэлүүдэд өртсөөр ирсэн, өдгөө өртсөөр ч байгаа билээ.

Julio Ruelas “Las Critica” 1906

Зарим улс орнуудад, ялангуяа Христийн Католик шашинтай улс орнуудад ямар нэгэн байдлаар уг бүтээлийг түгээх, хуулбарлах, олон нийтэд үзүүлэхийг хатуу хорьчихсон байх жишээний. Тэдний байр суурь маш энгийн: “Манай шашныг хийсвэр, худал үзэл баримтлалаар нийтэд түгээн сэнхрүүлж, доромжлон булзайруулсан утгыг агуулсан.” гэх тайлбарыг “тэд” өгч байгаа юм. Мөн ялгаагүй утга зохиол шүүмжлэгчдын хувьд дийлэнх нь субъектив байдлаар зохиолчын хувийн үзэл санаа руу дайран турхирсан, ялангуяа түүхэн баримт, архивын мэдээллыг буруу, ташаа гуйвуулан уран зохиолын ятган итгүүлэх хэрэглүүрийг сурамгай нь аргагүй ашиглаж, нэг ёсондоо уншигчийн тархийг угааж номоо борлуулдаг “fraud” буюу хуурамч, дүр эсгэгч, үнэлэмж доогуур зохиолч гэж эсрэг байр суурьтнууд хэлээд байгаа. Кино шүүмжлэгчдийн хувьд мэдээж контекст буюу гол зохиолын чиг шугамыг харахын зэрэгцээ production, character development буюу дүр хөгжүүлэлт, narrative, pictorial technique буюу өөрөөр найруулга, зураглалын арга барил, нийцэл зэрэг олон нарийн деталиас дүн шинжилгээ хийсний эцэст гарсан үр дүн чамлахааргүй байлаа. Тэр ч утгаараа олон улсын кино урлагийн тавцан буюу Холливуудад ч кино амжилттай байсны сацуу үзэгчдэд ч цоо шинэ уур амьсгал авчирсан, гайхалтай бүтээл хэмээн шагшигдаж байв. Ном нь ч дэлхий дамнасан бэстселлер болж байлаа.

Миний хувьд тэр үед л киноны нарийн тайлбар, хэв маяг, шашин хоорондын зөрчилдөөний хурц халуун сэдвүүдийг, хүн төрөлхтний нийцэлд хүрэх гэж хичнээн их хүсэмжилж буй “Holy Grail” буюу “Ариун Цөгц”-н талаарх мэтгэлцээн зэрэгт хэдий уран зөгнөлт элементээр түрж гаргаж ирсэн боловч хамгийн гол нь “үнэн бодит” түүхэн баримт, бэлгэ тэмдэг судлалын няцашгүй ухагдахуун дээр тулгуурлан тэдгээр үр дүнг гаргаж ирсэн нь ТУЙЛЫН ГАЙХАЛТАЙ.

“Flag of Israel” 1948
  • Маш олон баримтаас тайлбарлан хэлэлцүүлмээр байвч час хийсэн ганц жишээ л та нарт өгье гэж шийдлээ. Өдгөө “Давидын Од” буюу “Star of David” гэх нэршлээр оршин буй бэлгэ тэмдгийн үүсэл, орчлын юу нь гайхалтай гээч? Нэг үзүүр нь тэнгэр өөд чиглэсэн гурвалжин буюу шовх уул мэт дүрс нь бэлгэ тэмдгийн хамгийн эртний сурвалжаар эрэгчин хүйстний гол шинжийг илэрхийлэх “эр бэлэг эрхтэн” (penis) нөгөөтэйгүүр дайчин баатрын хурц “илд”-г (blade) бэлгэдэх бол нөгөө хосмог гурвалжин буюу нэг үзүүр нь газар луу чиглэсэн нь яг л хундага (chalice) мэт хэлбэрийг үзүүлдэг бөгөөд зарим судлаачид “Ариун Цөгц”-н далд утгыг ч бэлгэддэг хэмээх нь бий. Гэхдээ, бэлгэ тэмдэг судлалын эртний ухаанаар эмэгчин хүйстний зөөлөн, уужуу байдлыг илтгэн харуулах ухаан нөгөөтэйгүүр хамгийн нандин зүйл буюу эмэгтэй хүний “сав”-г (womb) бэлгэддэг гэх тайлбар маш эртнийх. Тэгээд, эцэст нь тэрхүү хоёр гурвалжинг нэгтгэхээр юу үүсгэж байна даа? Тэр бол “Давидын Од” буюу мөнхүү бэлгэ тэмдгийн гүн ухаан нь эрэгтэй, эмэгтэй хоёр бодгалийн нийлэмж, амьдралын суурийг бэлгэддэг ажгуу.

Энэ мэт тэр их гайхамшигт мэдлэгийн хийсвэр орчлонд би хэсэгтээ живсээн. Улам их судалгаа хийж илүү их гүн гүнзгий уншиж, нууцыг тайлах дотор арзайлгам хүсэл байж суулгах аргагүй болгож байлаа.

Тэр л мэдрэмж өдий хүртэл амьдрахдаа “голоосоо” мэдэрсэн хязгааргүй сайхан мэдрэмж. Хорвоогийн утга учрыг олчихвуудаа гэлтээ ямар их баярлаж, бахархах мэдрэмж төрж байсан тэр үе хэзээ ч мартагдашгүй!

Тэр үеэс хойш өдийг хүртэл мэдлэгээ арвижуулан судалсаар байлаа. Үүнээс хойш 5 жил өнгөрсний дараа 11-р ангийн хавар “номын тулаан” буюу манай сургууль дээр “Нийгмийн Ухааны Заах Аргын Нэгдэл буюу НУЗАН”-с сурагчдын дунд зохион байгуулан жил бүр явуулдаг, хэн сайн номоо илтгэл тавин танилцуулж, шүүгч болон сонсогчдыг ятган сэнхрүүлж чадсан нь ялдаг энэхүү уралдаанд хүсэн хүлээсэн Дан Брауны “ Да Винчи Код” болон түүний үргэлжлэл бэлгэ тэмдэг суурьтай, зөгнөлт номнуудыхаа анхны англи хэл дээрх ориг хэвлэлүүдээ чамбайлан барьж ирээд сая нэг ярьж, ярьж тэргүүн байр эзэллээ. “Өөрийгөө магтддаг хүн өөдгүй” гэдэг ч гэлээ, энэ удаад хэлчихье хэхэ. Илтгэлийн дараа сонсогч, шүүгч нар гэлтгүй багш нартаа их сайшаагдаж, олон ч хүн надаас тэдгээр номуудыг зээлэхийг гуйж, киног ярилцахын хүслэн болоод барахгүй бэлгэ тэмдгийн талаар ч гүнзгий судалмаар байна гэдгээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байв. Гэхдээ хүн бүр бишээ…

Yuval Noah Harari “Sapiens” 2011

Энэ үйл явдал болсны дараахан хэдэн өдрийн дараа шашны бэлгэдэл зүйн талаар судалгаа хийж буйг минь сонирхсон тухайн үеийн сургуулийн захирал маань өрөөндөө дуудав. Яаж хийж байгаа ямар судалгааны арга, загвар гээд асууж гарлаа. Би ч түгдрэлгүй хэлээд амжлаа. Дараа нь надаа “Чи Юваль Ной Харари-н “Сапиенс” номыг уншсан уу?” гэлээ. Нилээдгүй баримт, ятган сэнхрүүлэх аргаа ч олоод авсан, уншихад гэмгүй ном байсан тул би аль хэдийн уншчихсан байлаа. “Тийм ээ, уншчихсаан” гэлээ. Би тэр үед үүнийг асуудаг нь эхний нүүрэнд холгүй байгаа “Peugeot” машины бэлгэдлийн тайлбарыг санал болгох гэж байгаа болов уу даа гэтэл санал болгоод хэлсний сацуу “тотемизм” болон “бэлгэ тэмдэг” судлалын ялгааг мэдэх эсэхийг басангуй аястай асуухад нь уншсан судалснаа хэлээд “Сапиенс” ном гүнзгий судалгаа хийхэд яав ч оновчтой эх сурвалж биш гэж бодож байгаагаа илэрхийлээд өөр санал болгох ном, бичвэр байгаа эсэхийг асуухад: “За тийм байдаг байж, энэ хангалтгүй гэвэл чи ямар зохиолыг дөхөм гэж хэлэхээр байна?” гэхэд нь мэдээж өнөөхүүдээ хэлээд авалгүй яахав. Гэтэл өмнө нь дурдаж байсанчлан нөгөө л шүүмжлэгчдын уйтгартай, амар няцаагдахуйц тайлбаруудаа хэлээд өөрийнхөө санааг надад тулгахыг хичээлээ. Манай захирал их олон ном зохиол уншиж, судалгаа хийдэг мундаг судлаач хүн. Зарим нэг өнгөц мэдлэгтээ хөтлөгдөн, гүйлгэж харсан зүйлээ хагас дутуу танилцуулдаг болчихсоноо “хангалттай”-д тооцон дулдуйддаг “эрдэмцэр”-н хажууд манай захирал багш мундаг мэдлэгтэй хүн; гэм нь даанч: үнэн бодит аргументэд түшиглэн гол санаанд бүрэн хүргэлгүй дөхүүлээд орхичихдог, тэрийг нь ч ихэнхи хүмүүс анзаардаггүй “сохроор дагачихдаг” болохоор ч юмуу, тэр үзэл санаагаа хэт тулгаад байдаг талтай. Нэг үзэл дээрээ тууштай, бат зогсож, өөрийн үзлээр бусдыг үзлийг тайлбарлахыг, аль эсвэл жаахан муухайгаар хэлэхэд “хэлмэгдүүлдэг” үзэл бол “этноцентризм.” Цэвэр миний өөрийн байр суурь талаасаа, би энэ үзэлд нилээн дурамжхан ханддаг. Захирал багш маань ч энэ үзлийг сууриа болгоод авчихсаныг хэлэх үү, дээр хэлсэн шиг “Дан Браун” зохиолчийг гаргаж ирсэн үндэслэлээрээ балбаж гарахад нь би ч тэсгэлгүй няцаалт барьж, бид хоёр багагүй хугацаанд цэвэр мэдлэг, академик талаас айхтар маргаж, мэтгэлцээд авлаа. (Хэрүүл, мэтгэлцээн хоёрыг ялгаж харж чаддаг уншигчид Ура!) Аль, аль нь буулт хийгээгүй ч аль аль талдаа бах нь ханаад авах шиг болсондоо.

(Дашрамд сонордуулахад захирал багш гээд байгаа хүн маань “Шинэ Монгол” сургуулийн 2-р үеийн захирал асан, одоогоор НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын нийслэлийн хорооны дарга, ХҮН намын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, Сайн сургуулийг таны дэргэд НҮТББ-ын тэргүүн П. Наранбаяр багш маань билээ.)

Одоог хүртэл маш олон шүүмжлэл, эрсдэлтэй энэхүү “бэлгэ тэмдэг” судлалын салбар нүүр тулсаар байна. Дэлхийд академик, судалгааны түвшинд энэхүү чиглэлээр мэргэшсэн гарын 10 хуруунд багтахаар маш цөөхөн хүмүүс байдаг билээ. Тэдний нэг болж, анх удаа (Монгол улсаас) энэ салбарын цаашдын оршин тогтнолын төлөө, би илүү их зөрчлийг давж, асуудалтай нүүр тулах болно!

Илүүг судлан, Ихийг уншиж, Ижил нэгнийг хайсаар байх болно!

-telmwns

--

--

telmwns

Personal blog about anomalies ...сэтгэгдэл